Tuesday, October 31, 2017

Эрх чөлөөний хоёр хэлбэр

Өмнө нь энэ блог дээрээ бичиж байсан санаагаа нэг удаа давтчихъя. Ер нь бол улс төр, эдийн засаг, хуулийн онол, практикийн асуудлуудын суурь нь улс төрийн философи байдаг. Үүнд нь юуг эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэж үзэх юм бэ гэх мэт асуултууд багтана. Энэ асуултуудад яаж хариулж байгаагаар чинь л чиний үзэл бодол (идеологи) тодорхойлогдоно. 

Эрх чөлөөний тухай 2 ойлголт

Эрх чөлөөний тухай үзэл санаа л явж явж өнөөдрийн барууны нийгмийн үндэс суурь болсон сонгодог либерализмын суурийг тавьсан гэхэд болно. Энд мэдээж Жон Локк гэх мэт олон онолчид бий. Хүмүүс тэр болгон мэддэггүй нэгэн эрхэм онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнийг Азэяа Берлин гэнэ. Тэрээр "Эрх чөлөөний тухай хоёр ойлголт" гэх эссэ бичсэн нь шуугиан тарьсан. 

Азэяа Берлин (Isaiah Berlin) - (1909 -1997) орос-англи гаралтай улстөрийн философич, онолч юм. Тэрээр амьд ахуйдаа үргэлж аугаа нэгэн гэж дуудагддаг байсан гэдэг. Аугаа онолч, аугаа илтгэгч, аугаа эссээч гэх мэтээр. Тэрбээр 1909 онд Латви улсад төрсөн. Удалгүй гэр бүл нь  Орос руу нүүсэн байдаг. Ингээд 1917 оны Оросын хувьсгалын гэрч болсон хэрэг. 1921 онд харин гэр бүл нь Англи руу нүүж, англид боловсрол эзэмшжээ. Тэнд тэрбээр Сайнт Паул, Оксфордын их сургуулийг төгсөж, тэндээ багшлаж, Аристотлийн нийгэмлэгийн тэргүүн, Оксфордын Вольфсон коллежийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч зэрэг ажлуудыг хашиж байсан. Түүний олон бүтээл, номнууд өдгөө дахин дахин хэвлэгдсээр байна. 

Берлин (1969):
"Би энд түүхчидийн илэрхийлдэг эрх чөлөөний тухай мянган утгыг хэлэлцэхийг зорьсонгүй. Би зөвхөн хоёрхон гол утгыг л санал болгож байгаа юм. Хүний түүхийн олон үйл явдал эрх чөлөөний энэ хоёр утгатай холбогдоно. Эхнийх нь нь негатив (сөрөг) эрх чөлөө. Энэ нь ямарваа нэгэн хүрээнд миний амьдралд бусад хүн оролцохгүй, саад болохгүй байх тухай санаа. Миний хийх гэж байгаа зүйлийг хэн нэгэн хязгаарлаж байвал тэр хэмжээгээр би эрх чөлөөгүй байна гэж ойлгоно. Миний үйл ажиллагааг хэн нэгэн үгүйсгэж эсвэл хэн нэгэн хүч хэрэглэж байж ч болно. Бүр боолчлогдсон ч байж болно.

Хоёр дахь нь позитив эрх чөлөө. Позитив утгаар эрх чөлөөг ойлгох нь хүн өөрөө өөрийнхөө эзэн байх гэдэг утгаас гаралтай. "Би миний амьдрал, шийдвэрүүд надаас хамаарч байхыг хүсч байна. Би объект биш субъект байхыг хүсч байна. Би хэн нэгэн байхыг хүсч байна. Өөрөөр хэлбэл үйлдэгч бас шийдвэр гаргагч. Энэ бол хүн гэдгийг минь илтгэх зүйл" гэж хэлж байгаа нь позитив эрх чөлөөг хүсэмжилж буй явдал юм."

Тэгэхээр эндээс товчхондоо негатив эрх чөлөө нь бартаа саад, хаалт, хязгаарлалтууд байхгүй байх тухай гээд ойлгочихож болно. Позитив эрх чөлөө бол боломж, чадавхи. Өөрийн амьдралаа авч явах, хувь хүний зорилгоо биелүүлэх боломж. Негатив эрх чөлөө хувь хүнтэй холбогддог бол позитив эрх чөлөө нийгэм, хүмүүстэй холбогддог ойлголт. Берлинийхээр негатив болон позитив эрх чөлөө хоёр тэс өмнөө зүйлүүд биш. Нэг улс төрийн санааны хоёр тусдаа тайлбар ч байж болно гэж тэр үзсэн. Гэхдээ сонгодог либерализм нь негатив утгаар эрх чөлөөг эрхэмлэдэг бөгөөд төрийг ч энэ хүрээнд хязгаарлах ёстой гэж үздэг байна. 
Берлин яагаад энэ хоёр шошгыг ашиглах болсон бэ гэхээр эрх чөлөөний тухай ойлголтуудад нэг хэсэг нь ямар нэгэн зүйл байхгүй байх тухай, нөгөө хэсэг ямар нэгэн зүйлтэй байх тухай гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байсан хэрэг. Байхгүй байх тухай гэдэг нь бартаа саад байхгүй байх, байх тухай гэдэг нь өөрийн зорилгодоо хүрэх боломж, чадавхитай байх тухай яриа гэсэн үг. 

Позитив эрх чөлөөг зүүний буюу либераль үзэлтнүүд ихэвчлэн дэмждэг бол негатив эрх чөлөөг барууны буюу либертари (сонгодог либераль) үзэлтнүүд дэмждэг. Мөн энэ хоёр үзэлтнүүд бие биенийгээ маш их шүүмжилдэг. Либертари үзэлтнүүд позитив эрх чөлөө бол дарангуйллыг дагуулах аюултай гэж үздэг. Гэтэл нөгөө талаасаа негатив эрх чөлөөг дэмжигчид өөрөө л хүсч байвал, өөр ямар нэгэн хүчин гаднаас тулгаагүй бол юу дуртайгаа хийх нь эрх чөлөөтэй гэж үзэх нь хангалтгүй. Тэд "тэгвэл өөрийнхөө хүслээр л бол хүн боолчлогдож ч болох нь ээ?" гэж асуудаг. Гэтэл бид боолчлолыг эрх чөлөөний эсрэг зүйл гэж ойлгодог.

Эрх чөлөөний хоёр хэлбэр "Нүүдэлчин монголчуудад"

Талын нүүдэлчин Монголчууд бид өөрсдийгөө эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөний  хязгааргүй их мэдрэмжтэй гэх мэтээр ярьдаг. Манай улстөрчид ч, ялангуяа Э.Бат-Үүл, Баабар нар ингэж ярих дуртай. Миний бодлоор бол нүүдэлчин Монголчуудад эрх чөлөө дээрх хоёр утгаар хоёулаа хязгаарлагдмал. Энд мэдээж өнөөдрийн нөхцөл байдлыг биш ерөнхий утгаар нь нүүдэлчин Монгол хүний амьдралд дээрх хоёр эрх чөлөө ямар байсан бэ тухай ярьж байна. Өнөөдөр бол нүүдэлчин биш байх сонголттой болчихсон учраас нөхцөл байдал өөр.

Эхлээд негатив эрх чөлөөний өнцгөөр харъя. Негатив эрх чөлөөний нэг алдартай үг бий. Чи гараа чөлөөтэй сунгаж болно. Гэхдээ чиний гар миний хамрын үзүүрт хүрэхээс өмнө зогсох ёстой гэж. Энэ үгийг Америкийн нэг шүүгч хэлсэн байдаг. Тэгэхээр эндээс харагдаж байгаа нэг зүйл бол негатив эрх чөлөө хэрэгжихийн тулд заавал төр (цагдаа, шүүх) ажиллах шаардлагатай. Учир нь чиний гар миний хамрын үзүүрт хүрэхээс урьдчилан сэргийлэх, хүрсэн үед нь хэн нэгэн бидний маргааныг зохицуулах шаардлагатай.

Нүүдэлчин хүн хүссэн зүйлээ хийх боломжтой. Гэхдээ чиний эрхэнд хэн ч, хэзээ ч халдаж магадгүй. Ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь тун элбэг. Хөдөө өссөн хүмүүсээс үүнийг асуугаарай. Хонины бэлчээр дээр юу болдог юм бэ гэж...! Ер нь гэр бүлийн хүчирхийлэл тун элбэг. Хүүхдээ зодох бол бараг норм. Хүчирхийллийн бас нэг шалтгаан бол "Монгол гэр" л дээ. Энд хувь хүний орчин (privacy) үүсэх ямар ч боломж байхгүй. Тиймээс хүүхдүүд эцэг, эхтэйгээ нэг дор амьдардаг, унтдаг. (Унтах гэдгээс цааш дэлгэрүүлэхийг хүсэхгүй байна). Нүүдэлчдэд мэдээж төр байсан л даа. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой орчин үеийн төр байгаагүй. Тийм төр иргэншсэн нийгэмд л бий болдог.  

Хоёр дахь буюу позитив өнцгөөс харъя. Миний бодлоор нүүдэлчин Монгол хүн позитив утгаараа эрх чөлөө бүр багатай. Учир нь нүүдэлчин хүнд өөрийн амьдралаа, мэргэжлээ сонгох боломж, чадавхи, чадамж бага. Үндсэндээ бараг сонголтгүй. Мал дагавал ам тосдоно. Харин дагахгүй бол?? гэсэн л сонголттой байлаа. Харин бид иргэншиж эхэлснээрээ сонголтуудтай болсон юм шүү дээ. Хөдөлмөрийн хуваарь бий болсон. Бүх нийтийн боловсрол бий болсон. Хүмүүст мэргэжлээ сонгох, мөрөөдлөө сонгох боломж, чадавхи бий болсон хэрэг. Амартъя Сэнийн "Хөгжил бол эрх чөлөө" гэдэг номны гол үзэл санаа эндээс харагдана. Чамд өөрийнхөө үнэ цэнэтэй гэсэн амьдралаар амьдрах боломж, чадавхи байна уу?

Энд нэг зүйлийг эцэст нь хэлэхэд ер нь дайн байлдааны үед хүний эрх чөлөө аль ч хэлбэрээрээ багасдаг. Бидний бахархах дуртай 13-р зуунд бол эрх чөлөө маш хумигдвал байсан байж таарна. Чи дайнд оролцох ёстой. Үгүй гэх эрх байхгүй. Үгүй гэвэл үхэл л чамайг хүлээнэ. Тэгэхээр өмнө нь хэлж байсанчлан орчин цагт хөгжлийг хувь хүний эрх чөлөө хэр тэлэгдэж байна гэдгээр хэмждэг. Орчин цагийн Монгол хүн бол Чингисийн Монголоос хэд дахин илүү эрх чөлөөтэй. Негатив утгаараа ч, позитив утгаараа ч. Тиймээс өнөөдрийн Монгол 13-р зуунаас хамаагүй илүү хөгжсөн улс юм шүү. 

Ашигласан материал: 

Berlin, I. (1969). Two Concepts of Liberty. In: I. Berlin, ed., Four Essays on Liberty, 1st ed. [online] Oxford: Oxford University Press. 


Tuesday, October 3, 2017

Хууль ба эдийн засаг

"Хэдэн жилийн өмнө би нэг ярилцлага уншиж байснаа тод санадаг юм. Тэр бол Тойм сэтгүүлд гарсан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэд захирлын ярилцлага л даа. Ярилцлагын гарчиг нь хууль эдийн засагт ямар ч нөлөөгүй гэсэн утгатай байв. Би уншиад бараг шоконд оров. Уг нь тэр залуу доктор зэрэгтэй хүн шүү дээ." 

Ер нь манайд зарим хүмүүс хөгжлийн гарц гэж ярих дуртай. Уг нь бол энэ томъёолол өөрөө  их учир дутагдалтай. Орчин цагт хөгжлийн асуудлыг судалдаг судлаачид бараг бүх зүйл дээр санал нийлдэггүй боловч хөгжил бол өөрөө маш комплекс процесс юм байна гэдэг дээр санал нэгддэг. Тийм ч учраас "хөгжлийн бодлого" гэж ярих ч бас учир дутагдалтай. Учир нь нэг бодлого хэрэгжүүлээд л хөгжчих нь гээд байгаа мэт ойлголтын алдаа энэ үгэнд байдаг. Ер нь хөгжлийн биш бодлого гэж байх уу? Үр дүн нь аливаа юмийг муутгаж байж болох ч бодлого бүрийн л санаа, зорилго бол хөгжүүлэх байх аа.

Хөгжлийн чиглэлээр суралцаад тэр чиглэлийн ном, сурах бичгүүд уншаад эргэцүүлсний  эцэст надад тодорхой дүгнэлт, санаанууд төрсөн. Миний бодлоор одоо бол манайд хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал бол "хууль" юм байна. Хуулийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжүүлэх, сайжруулах механизм хүртэл үе шат болгоныг нь дараагийн түвшинд гаргах шаардлагатай санагддаг. 

Манай төр засгийн албан тушаалтнууд ялангуяа өндөр албан тушаалтнууд хуулийг зүгээр л нулимдаг. Хуулийн хориглосон заалтыг сануулсан сэтгүүлчид Н.Алтанхуяг Ерөнхий сайд "Хууль ямар хамаатай юм?" гэж хэлж байлаа (Зөвхөн энэ үг, хандлагынх төлөө Н.Алтанхуягийг дахин улстөрд сонгож болохгүй). Бас нэг сургалт дээр сонссон жишээг хэлье. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Тухайн үеийн Ерөнхий сайд агентлагийн даргыг солиод өөрийн хамаатны хүнээ тавьчихаар нь хуучин дарга нь шүүхэд өгсөн. Тэгээд бүх шатны шүүхээр орж гомдол гаргагч ялсан бөгөөд шүүхээс түүнийг буцааж ажилд нь томил гэсэн шийдвэр гарсан боловч томилсонгүй. Маш удсан. Товчхондоо шүүхийн шийдвэрийг нулимав. Тэгээд аргаа бараад дахин шүүхэд хандаж байж буцаж албан тушаалдаа очсон. Гэвч хоёрхон цагийн дараа дахиад халагдчихав. Мөн "наадаж" байгаа биз?

Саяхан болсон нэг кэйсийг сануулъя. Өнгөрсөн намар байхаа баруун бүсийн морин уралдаан болсон. Уг уралдааныг Уяачдын холбооноос зохион байгуулсан бөгөөд уг холбооны тэргүүн нь УИХ дарга М.Энхболд. Гэтэл шүүхээс уг уралдааныг зогсоох шийдвэр гарсан бөгөөд тэд шүүхийн шийдвэрийг тоосонгүй уралдааныг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсныхаа төлөө хэн ямар хариуцлага, санкц хүлээснийг хэн ч мэдсэнгүй. Тэгээд л өнгөрөв. Ер нь шүүхийн шийдвэрийг тоохгүй байж болох нь ээ энэ улсад???

Би нэг нефтийн компанид ажиллаж байсан. Манай компани олон компанид зээлээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ер нь бүх л нефтийн компаниуд зээлийн гэрээ хийгээд бүтээгдэхүүний нийлүүлдэг л дээ. Тэндээс маш олон компаниуд гэрээний дагуу хугацаанд нь мөнгөө өгдөггүй. Ингээд мэдээж шүүхэд өгнө. Шүүх шийдэхгүй маш их удна. Анхан шатны шүүх болох гэж хэдэн сар болно. Өмгөөлөгч нь өвдсөн нь л гэнэ. Өмгөөлөгчөө сольсон л гэнэ. Шинэ өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцах хугацаа хэрэгтэй л гэнэ. Гэх мэтээр шүүхээр бараг нэг хэрэг хоёр жил болдог. Үүнийг эдийн засгийн талаас нь харвал асар хохиролтой зүйл юм. Хэрэв шүүх хурдан шийдвэрлээд компани мөнгөө хурдан авчихсан бол эргэлтэд оруулаад нэмүү өртөг бүтээх хэдэн тэрбумын боломжууд алдагдаж байгаа юм. 

Энэ бол хууль ба эдийн засаг хоёрын хамаарлыг шууд харуулж байгаа кэйс л дээ. Орчин үед инстүүцийн эдийн засагчид энэ талаар судалдаг. Тэдний хэлж байгаагаар сайн ажилладаг хууль, шүүхийн байгууллага бол эдийн засгийн өсөлт, хөгжилд зайлшгүй чухал. Хууль шүүх нь сайн ажилладаггүй газар солилцооны өртөг (transaction cost) өндөр байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр урьдчилан таамаглах боломжгүй, хууль хэрэгжихгүй гэсэн хүлээлт байгаа учраас солилцоо хийгдэггүй, аль эсвэл удаан хийгддэг. Инстүүцийн эдийн засагч Дуглас Норт "Инстүүц, Инстүүцийн өөрчлөлт, Эдийн засгийн гүйцэтгэл" номондоо (1991)  хуулийн инстүүц, шүүхийн шийдвэр хэрэгжих механизм бол уламжлалт эдийн засгаас хөгжсөн эдийн засаг болоход хамгийн чухал алхам гэж бичжээ. Харвардын эдийн засагч Родрик "Нэг эдийн засаг, Олон Жор: Глобалчлал, Инстүүц, Эдийн засгийн өсөлт" (2007) номондоо Хөрөнгө оруулагчидийн өмчийн эрх хамгаалагдсан газар л эдийн засаг баян болох боломжтой гэсэн байдаг. Мөн Монголчуудын танил Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото "Өөр зам" номондоо бичихдээ "Хуулийн систем бол аж үйлдвэржсэн, өндөртэй хөгжилтэй орнууд болон аж үйлдвэржиж чадаагүй орнуудын гол ялгаа юм. Үр ашигтай, бүх хүнд хүрдэг хуулийн инстүүцүүд бий болж л байж хөгжил бий болно." гэжээ.


Харин Стэнфордын их сургуулийн профессор Эрик Женсен хуулийн засаглал жирэмслэлттэй адилгүй. Тийм, үгүй гэсэн хоёрхон сонголттой биш гэсэн байдаг. Янз бүрийн түвшингүүд бий. Манайх ч гэсэн тодорхой түвшинд л байгаа. Тэрнээс биш бүр хуульгүй ч орон биш л дээ. Женсен дараах байдлаар ангилсан байдаг. 

    1. Анархи - Нийгмийн бүтэц задрах
          2. Харгис хууль дүрэм - 1976-79 оны Аргентинд цэргүүд засгийн эрхийг барьж байсан             3.  Хуулиар засаглах (Rule by Law)
     - Хуулийн хэрэглээ ноёрхсон
     - Дарангуй
     - Найздаа бол бүгдийг, дайсандаа бол хуулийг гэсэн зарчимтай
    4. Хуульчлагдсан төр буюу хууль ба дэг журам
        - Төрийн бүх эрх мэдэл хуулийн дагуу хэрэгждэг
        - Төрийн (нийтийн) үйлчилгээ нь "учир шалтгаанд" үндэслэгдсэн
        - Тэгш хэрэгждэг
     5. Ардчилсан хуулийн засаглал
          - Улс төрийн эрхийг хамгаалдаг, төрийн эрх мэдэлтнүүдийг хязгаарладаг. 
          - Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй, чөлөөт, шударга сонгуультай
          - Иргэний эрхийг хамгаалдаг
          - Бүх л эрх мэдэлтнүүдийг хариуцлагажуулсан. 

Эндээс харахад Монгол гурав дахь түвшин хавьцаа байгаа болов уу. Өөрөөр хэлбэл "найздаа бол бүгдийг, дайсандаа бол хуулийг гэдэг зарчим" л харагдаад байгаа юм. Үүнийг өөрчлөх ёстой. Гэхдээ яаж? 

1. Хууль боловсруулах

Хууль боловсруулах үйл явц нь хууль хэрэгжих эсэхтэй шууд холбоотой.   Де Сото манай өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой найзууд. Ц.Элбэгдоржийн ярьснаар тэр хоёр нэг онгоцны буудал дээр онгоц хүлээнгээ 4 цаг хуучилсан гэдэг. Эрнандо Де Сато яриа болгондоо л хууль, хууль гээд байхаар Ц.Элбэгдорж "Та хууль л гээд байх юм. Тэр хууль чинь манайд хэрэгждэггүй шдээ" гэтэл Де Сото "тэгэлгүй яахав, танай хууль бол дарга нар гаргасан хууль" гэсэн гэдэг.  

Товчхондоо хуулийг дарга нар боловсруулж болохгүй. Тэнд судлаач, мэргэжилтнүүд нь маш нарийн судалгааг нь хийгээд үндэслэлийг боловсруулах хэрэгтэй. (Мэдээж бүгд л мэддэг) Ийм болоход уг нь хэцүү биш. Их сургуулиудын багш, профессоруудаа л сайн ашиглах хэрэгтэй. Гадны их сургуулиудын багш нарын судалгааг хараад байхаар ихэвчлэн л төрийн захиалгат судалгаа байдаг. Хоёрдугаарт хүмүүсийг л сайн оролцуулах хэрэгтэй. Зарим хууль боловсруулж буй нөхдүүдийг хараад байхад хүмүүс өөрсдөө тоохгүй байна шдээ гээд хаячихдаг. Тэр хуулинд хүмүүс оролцохгүй байна гэдэг бол тэр хууль одоохондоо хэрэггүй л гэсэн үг.  

2. Хууль батлах 

Хууль батлахад харин манай дарга нар (УИХ гишүүд) орох ёстой. Одоо байгаа асуудал бол тэд ямар нэгэн хууль батласныхаа төлөө хариуцлага хүлээдэг механизм байхгүй учраас үнэндээ тоодоггүй. Зүгээр л өмнөөсөө өөр нэг хүнээр кнопоо даруулаад л гүйцээ. Уг нь бид тэднийг өөрсдөөр нь кноп даруулах гэж сонгосон юм. Энд манай сэтгүүл зүй ажлаа хийх шаардлагатай байгаа юм. Гишүүдийг дарсан кноп, бас дараагүй кноп болгоных нь төлөө хариуцлага нэхдэг болох ёстой. Тэр үед л манай гишүүд хуулийн төслөө уншдаг болно. Миний сайн мэдэж байгаагаар олонхи гишүүд үнэндээ хуулийн төслөө ч уншдаггүй. Тэд бичиг үсэг тайлагдаагүй ч байж тун магадгүй. Хэрэв тийм бол ордонд "Цагаан толгой" зааж, үсэглэлийн баяр хийх хэрэг гарах байх. 

3. Хуулийг хэрэгжүүлэх 

Хуулийг хэрэгжүүлэх тал дээр би Х.Тэмүүжиний ярьж байсан 2 санаатай санал нэгддэг. Нэгт хуулийг хэрэгжүүлнэ, хуулийн дор амьдарна гэдэг бол соёл. Тиймээс бага анги, цэцэрлэгийн наснаас л хуулийн дагуу л явах ёстой гэсэн програмчлал хэрэгтэй. Монголчууд аль нэг байгууллагад ороод үйлчилгээ авахдаа энэ байгууллагын хуулийн дагуух үүрэг нь юу вэ гэж харахаас илүүтэйгээр энэ байгууллагад таньдаг хүн хэн билээ гэж хардаг (Х.Тэмүүжин, 2014). Хоёрдугаарт хуульд өөрт нь хэрэгжүүлэх механизмыг хангалттай суулгахгүй байна. Х.Тэмүүжиний ярьснаар манай хууль германы хуулиас гурав дахин нимгэн байдаг. Манай хуульд процессыг нарийн суулгаж чаддаггүй. Дараа нь тэр дутууг нь нөхөх гээд сайд нар, дарга нар "журам" гээд юм гаргачихдаг. Тэгэхээр товчхондоо эрх мэдэл бидний сонгосон УИХ-д биш, харин бидний сонгоогүй дарга нарын гарт байдаг. 

Хууль, хуулийн засаглалгүйгээр үнэндээ хөгжлийг ч, эрх чөлөөг ч ярих боломжгүй. Эрх чөлөөний хамгийн хүчтэй хамгаалагч нар болох либертариуд хүртэл хуулийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй зайлшгүй шаардлагатай гэж үздэг гэдгийг энд дуулгая. Жишээ нь Ф.А.Хаяк "Либералууд үр нөлөөтэй өрсөлдөөн бий болгохын тулд сайтар бодож боловсруулсан хуулийн систем хэрэгтэй гэдгийг огт үгүйсгэдэггүй, харин ч хэрэгтэй гэж цохон тэмдэглэдэг бөгөөд одоогийн хууль тогтоомж, урьдын хууль тогтоомжийн аль аль нь энэ талаар төгс төгөлдөр болох өдий байна (Боолчлогдох зам, 37-р тал)." гэж хэлсэн байдаг.

Мөн орчин цагт судлаачид неолиберализмын эцэг гэж гоочлох дуртай Милтон Фридман ингэж хэлсэн байдаг. "Би пост-коммунист буюу шилжиж буй орнуудад "хувьчлал, хувьчлал, хувьчлал" гэсэн гуравхан зөвлөгөө өгдөг байсан. Одоо эргээд харахад миний буруу байжээ. "Хууль" гэсэн зөвлөгөө л өгөх ёстой байж". 

Хөгжлийн гарц гэж байхгүй ээ. Харин хөгжихөд саад болж зүйлүүд, зайлшгүй шаардлагатай зүйлүүд байна. Юун түрүүнд бидэнд хууль, хууль, бас хууль хэрэгтэй байна. 

Саяхан хэвлэлийнхний дунд бодлого захиалъя гээд тренд яваад байсан бил үү? 

Энэ улсад "хууль" захиалж болох уу? Зөөгч өө...!!!?

Sunday, September 3, 2017

Зовлонгийн суурь шалтгаан

Философи ч, шашин ч, шинжлэх ухаан ч бүгд л адилхан "үнэн"-ийг л олох эцсийн зорилготой гэж хэлэхэд буруудахгүй байх. Сайнс буюу бидний орчуулдагаар шинжлэх ухаан нь гадаад ертөнцийн үнэнийг танин мэдэхэд илүүтэйгээр анхаардаг. Харин шашин тэр дундаа буддын шашин бол хүний амьдралын үнэнг танин мэдэх зорилготой. Буддагийн өөрийнх нь сургаснаар амьдралд 4 үнэн байдаг гэнэ. Товчхондоо амьдралын хамгийн гол үнэн бол зовлон. Тэр зовлон гэгч нь учир шалтгаантай. Шалтгааныг нь даван туулах боломжтой бөгөөд тийм арга зам байдаг. Будда өөрийн биеэр энэ арга замыг үзүүлсэн учраас буддистууд түүнийг бүгдийг мэддэг, чаддаг "бурхан" биш зам заагч хөтөч гэж үздэг.

Тэгэхээр эндээс тэр учир шалтгаан гэгч нь чухам юу юм бэ гэдэг асуулт урган гардаг. Энгийнээр бол хүсэл шунал, уур уцаар, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэлийг зовлонгийн шалтгаан гэж үздэг. Гэхдээ яг үнэн чанартаа бол эдгээр нь мөсөн уулын орой юм. Мөсөн уулын 80 хувь нь далайд нуугдаж байдаг. Буддын шашинд энэ 80%-ийг ганцхан үгээр илэрхийлж болдог. Энэ бол "ignorance". Надад бол ignorance гэдэг англи үгийн орчуулга нь "мунхаг" гэдэгтэй дүйцмээр санагдаад байдаг юм.
Гэхдээ энэ бичлэгийнхээ зорилгод нийцүүлээд "игноранс" гээд галиглаад хэрэглэчихье. Өршөөнө гэж найдаж байна. Яагаад гэвэл мунхаг гээд хэрэглэчихээр үл тоох буюу ignore гэдэг утга нь харагдахгүй болчих гээд байгаа юм. Ер нь игноранс гэдэг үг нь танин мэдээгүй байх, үл тоох гэсэн хоёр утгатай. Тэгэхдээ хүн ихэвчлэн хоёр дахь утга буюу үл тоосноос бол зовдог амьтан юм гэдэг бол би л хувьдаа дүгнээд байгаа юм.


Жишээ нь зарим хүн сэтгэл санааны гүн хямралд орчихсон байдаг. Тэр хямрал нь харамсалтай нэг өдөр бий болчихоогүй. Бага багаар нэмэгдсээр нэмэгдсээр дааж давашгүй болчихдог хэрэг. Мэдсэн үү гэвэл мэдсэн. Гэхдээ игнордсон. Хүнд өвчин, хорт хавдарт ихэвчлэн ийм шалтгаантай. Хүмүүс өөрсдийнхөө амьдралын буруу хэв маягаа мэддэг. Гэхдээ л игнорддог. Эцэст нь эдгэшгүй өвчин тусдаг.

Хувь хүний асуудал, зовлонгоос гадна нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлууд ч төстэй. Магадгүй ихэнх тохиолдолд адилхан гэж би хардаг.

Жишээ нь эдийн засгийн хямрал байна. Улстөрчид төсвийн алдагдал нэмэгдвэл өр нэмэгдэнэ гэдгээ мэддэг. Өр нэмэгдсээр дараа нь дааж давашгүй болохоор нь хүний гарт (IMF) орно гэдгээ бас мэддэг. Ер нь улс орныхоо эсрэг ажилладаг улстөрч байдаг гэдэгт би итгэхгүй байна. Зүгээр л ихэнх улстөрчид маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг байдлаар хандаж байгаа хэрэг. Товчхондоо игнорддог.

Авлига улс орныг маань сүйрүүлээд байгааг бас л бүгд мэддэг. Авч байгаа нь ч, өгч байгаа нь мэдэж л байгаа. Авлигад оролцдоггүй нэгэн ч авлига газар авчихсан гэдгийг бас мэддэг. Хамгийн наад зах нь улс төрчид маань цалингаараа ингэж баяжих боломжгүй гэдгийг мэддэг. УИХ гишүүний цалин ойролцоогоор 1,5 сая төгрөг. Монголд бараг дөнгөж сургууль төгссөн залуучууд л ийм цалин авдаг. Гэтэл улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахаар....?  Бид харж л байгаа. Мэдэж л байгаа.

Улаанбаатарт утаа гэж нэг юм байна. Утаа хортой гэдгийг 5 настай хүүхэд ч мэднэ.  Өвөл харахаар наад зах нь маск зүүчихсэн хүн ховор. Маск зүүсэн нэгнээ хажуугаар өнгөрөхдөө шоолно. Гэтэл адилхан утаатай Бээжин хотод хүн болгон маск зүүсэн байх юм. Эндээс ирээдүйн дүр зургийг харж болмоор. Улаанбаатарын утаа нэг хэсэгтээ арилахгүй. Бээжингийн утаа арилна.

Экономист сэтгүүл 1843 онд анх хэвлэгдэхдээ биднийг урагш нь хөтөлдөг оюун ухаан, хойш нь чирдэг игноранс хоёрын дунд хатуу тэмцэл хийнэ гэсэн уриа дэвшүүлж байжээ. Хөгжсөн нийгэм, хөгжөөгүй нийгэм хоёрын дунд байдаг гол ялгаа бол энэ юм байна. Жишээ нь Өмнөд Солонгосчууд авлигын эсрэг хэрхэн нэгдэж, цуглаж, эсэргүүцэж эцэст нь ерөнхийлөгчтэйгөө хариуцлага тооцож чадаж байгааг харлаа, үзлээ, мэдлээ. Товчхондоо тэд "игноранс"-аа давж чадаж байна.

Харин бид чадах уу?

Жич: Дээрх 2 зургийг арай л эв хавгүй зурсан байна уу?

Saturday, August 19, 2017

Булчинлаг ерөнхийлөгч ба массын түрэлт

Их британы Метро сонины сайт Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн булчинлаг ерөнхийлөгч гэж онцолжээ. Ингэхэд бид яагаад хамгийн булчинлаг ерөнхийлөгчтэй болчихов оо? Энэ лав тохиолдол биш гэж би хувьдаа харж байна. Бага зэрэг анализ хийснээ сонирхуулъя.

Олон улсын түвшинд юу болов?!

Донал Трамп гэх эр АНУ-ын ерөнхийлөгч болсон нь дэлхий ертөнцийг зочроосон үйл явдал болов. Трампийг хэн болох тухай үл өгүүлэн яагаад ерөнхийлөгч болов гэдэг дээр хэдэн үг хэлье. Ер нь эдийн засгийн хямрал, цагаачдын хямрал гэх мэт олон хямралуудаас Америкийн нийгэм залхсантай холбоотой болов уу. Өмнөх ерөнхийлөгчид бүгд л боловсролтой, бас "politically correct" нөхдүүд байсан. Харин Трамп бол эсрэг нөхөр, эсэргүү нэгэн. Трампын гол уриа нь "Америкийг дахиад хамгийн аугаа гүрэн болгоё" гэх утгатай байсан ба энэ нь товчхондоо үндсэрхэг үзэл, эдийн засгийн тухайд бол протекцианист бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг байлаа. Үүнийг нь ч Америкчуудын дийлэнх дэмжсэн. XX зууныг Америкийн зуун байсан гэж бараг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Харин Трамп XIX зууныг бас Америкийн зуун болгох юм гэнэ. 

Америкт Трамп гарахаас өмнө Орост Путин удаж байлаа. Путин олон талаараа амжилт үзүүлж байгааг Америкийн нийгэм ойлгож байсан байх. Өнөөгийн Америкчууд бол хүйтэн дайны үеийн Америк биш. Путин бас л үндсэрхэг нэгэн. Путины бий болгосон имиж маш олон хүнд таалагддаг. Фрэнсис Фукуяамагийн хэлж байгаагаар Орос хэлбэр төдий ардчилалтай. Гэхдээ жинхэнэ утгаараа ардчилсан сонгууль болсон ч Путин эргэлзээгүй ерөнхийлөгч болох гэнэ. Тэр бол ОХУ-ийг "ЗХУ"-ийн хэмжээнд авчрах хүсэлтэй нэгэн. 

Туркэд Эрдагон гэх нэг чанга гар гарч ирсэн. Эрдагоны АK нам нь консерватив исламуудын нам. Туркийн Ерөнхий сайдаар 11 жил ажилласны эцэст ерөнхийлөгч болов. Тэрээр өөрийнх нь эсрэг дугарсан нэгнийг үл тэвчинэ. BBC (2017)-ийн мэдээллэж байгаагаар тэр 50 мянга орчим хүнийг ямар нэгэн байдлаар дуугүй болгож чадсан гэнэ. Үндсэрхэг үзэлтэй шүлэг уншныхаа төлөө хоригдож байсан нэгэн. Товчхондоо "Оттомын эзэнт" гүрнийг дахин бий болгох зорилготой бас үндсэрхэг нэгэн.   

Унгарт Орбан гаарлаа. Түүнийхээр либерал ардчилал өөрийн гэсэн цагтай байсан бол одоо үе нь өнгөрсөн. Ангела Меркелийн нэгдмэл Европын холбоог бий болгох гэсэн оролдлогыг хатуу шүүмжилж, нээлттэй нийгмийн үзэл санааг сурталчилж буй нөхдүүдийг нухчин дарах оролдлогуудыг хийж эхэлсэн. Жорж Соросын сан, Төв европын их сургуулийг хаана гэв. Плюрализмыг тэвчихгүй байна гэдэг сонгодог дарангуйлагч болохын яах аргагүй эхлэл.

Мөн Филиппинд Дутерте гэх чанга гар гарлаа. Бас л эх оронч, үндэснний үзэлтэй нэгэн. Түүний хувьд эх орноо цэвэрлэх ажил нь хар тамхины наймааны эсрэг хүчтэй тэмцлээр эхэлсэн. Олон улсын хэвлэлүүд удаа дараа мэдээлснээс харахад маш олон хүний аминд хүрсэн бололтой. Үүнээс гадна тэр барууны орнуудын эсрэг хүчтэй дугарч эхлэв. Түүнд "political correctness" буюу улс төрийн зөв хэлээр ярих нь чухал биш. Юу хүссэнээ л хэлнэ, юу хүссэнээ л хийнэ.

Трамп ч, Путин ч, Эрдагон, Орбан ч, Дутерте ч улстөрчийн хувьд ард иргэдийн дунд рэйтинг маш өндөр. Дутерте жишээлбэл түүхэндээ байгаагүй нэр хүндтэй ерөнхийлөгч гэж мэдээллийн сайтуудад бичсэн байхыг уншсан. Тэдэнд мэдлэг, боловсрол үгүй. Хамгийн гол нь л тэдэнд популизм хийх чадвар бий. Гол зэвсэг нь үндсэрхэг үзэл. Тэгэхээр Монгол бол яах аргагүй дэлхийн нэг хэсэг юм байна. Ноён Ерөнхийлөгч маань дээрх эрхмүүдтэй тун төстэй байгаа биз?

Бурхны ивээлээр бид парламентын засаглалтай орон юм даа.

Улс орны түвшинд юу болов?!

Испанийн философич Хоссэ Ортэга и Гассэтийн "Массын түрэлт" (The Revolt of Mass) гэх 1930 онд хэвлэгдсэн бүтээл бий.  Гассэт уг номондоо масс гэж юу болох, түүний гарал үүсэл, массаас "хүч" хэрхэн бий болж нийгэмд нөлөөлдөг гэдгийг бичсэн байдаг. Түүнийхээр "масс-хүн" бол заавал нэг анги давхаргад хамрах ойлголт биш, боловсролтой гэгдэх хүмүүс дунд хүртэл масс-хүн маш олон. Гассетийн шүүмжилснээр барууны соёл хамгийн доод түвшнийхээ нэгж рүү уусчихсан хэрэг. Тэрбээр номондоо: "Шударгаар хэлэхэд хувь хүнийг массын хэлбэрт орохоос өмнө нь тодорхойлж болно... Масс-хүн бол сайн, муу ямар ч үнэт зүйлгүй нэгэн бөгөөд өөрийгөө зүгээр л бусдын нэг л гэж хардаг. Харамсалтай нь тэд үүнийгээ ч мэдэхгүй" (Нүүр 15).

Гассетийнхаар масс мэдлэгтэй, мэргэжлийн хүний үгийг үл тооно. Харин өвчтэй эрүүл  нь мэдэгдэхгүй төвчигнөх дуртай нэгнийг үгийг бол яг л хууль мэт дагана. Гассет мэдээж өнөөгийн нийгмийг бичээгүй боловч түүний тайлбар өнөө үед бүрэн тохирно. Үүнийг уншиж буй та "дурын n" вэбсайт руу ороод сэтгэгдэлийг нь хараад үз, аль эсвэл сонгуулийн үеэр сошиал медиад өрнөж байсан мэтгэлцээнүүдийг эргээд нэг хардаа. Тэнд юу байна вэ? Нэг нь "Монгол ялна" гээд төвчигнөнө. Эсрэг дуугарсан бүхнийг Монголыг эсрэг, тагнуул, эрлийз, хурлийз гэж үсчинэ. Хөөрөл, хорсол, асар их эмоци. Зүгээр л Х.Баттулгыг биш юмаа гэхэд түүний сонгуулийн багт байсан хүмүүсийг эргээд нэг боддоо. Тэдэнд мэдлэг боловсрол гэж байна уу? Ядаж бичиг үсэг тайлагдсан уу?

Хэдийгээр ардчиллын сул тал бол популизм мөн боловч бүр жинхэнэ утгаараа "масс-хүн" гарч ирэх маш том нөхцлийг бий болгосон зүйл бол өнөөгийн сошиал медиа. Трампыг ч сошиал медиа гаргаж ирсэн. Трамп өөрийнхөө твиттерт мангар мангар юм бичнэ. Тэрэнд нь хүмүүс хичнээн дуртай гээч. Тэр улам л тэнэгрэнэ. Масст улам л таалагдана. Энэ бол зүй тогтол. Би хувьдаа сошиал медиа байгаагүй бол Женко гарахгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гярхай Женко олон жилийн өмнө сошиал медиа дээр ажиллаж эхэлсэн. Босоорой, босоорой болжморууд аа. ккккк 

Намын түвшинд (АН) юу болов?!

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийт гишүүдээсээ намын даргаа, мөн ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулав. Ардчилсан нам өөрсдийгөө 180 мянга гаруй гишүүнтэй том нам гэж дөвийлгөх дуртай боловч үнэн чанартаа 18 мянган гишүүнтэй нам юм байна гэдэг нь сунгаанаас харагдав. Хэдхэн төгрөгний татвар төлөөд сунгаандаа орж чадахгүй бусдыг нь намын гишүүн гэж тооцох шаардлагагүй. Сэтгүүлч Д.Батбаярын бичсэн "Сунгаа: Дог шоу" нийтлэлээс уг сунгааны талаар дэлгэрэнгүй уншаарай. Үндсэндээ 18 мянган гишүүнээ өөр өөрсдийн танил талын сүлжээгээр дамжуулж "багц" бий болгоод "таваг хоол, тал шил архи, таван төгрөг"(Д.Батбаярын нийтлэлээс энэ гурван холбоо үгийг авав)-өөр саналыг нь худалдаад авчихав. Намын дарга болсон С.Эрдэнэ ч тэр, Ерөнхийлөгчийн сунгаанд ялсан Х.Баттулга ч иймэрхүү ажлыг хийхдээ хэнээс ч гаргууд.

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын нэг онцлог нь дан ганц пракц бүлэг гээд зогсохгүй түүний ард байрлах "бага оврын арми" бий болгож чадсанд оршино. С.Эрдэнийн армийг "Баянголын арми", Х.Баттулгынхыг "Ардчилсан холбооны арми" гэж нэрлэнэ. Арми бий болгож чадсаны нууц нь тэдний тэжээх чадварт оршино. Ямартай ч армиа хоолны шавхруугаар тэжээхээ хэзээ ч үл мартана. Тэжээлгэж байгаа нэгнийх нь ходоод нь хоосон учраас уг хоолыг хаанаас олж ирснийг нь харин үл тооно. Ингээд харахаар С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч зүгээр л шилийн сайн эрс. Аюгүй бол шинийн нэгний өглөө "Шилийн богд" дээр гардаг даа тэд. Мэдэхгүй нэгэнд шилийн сайн эрсийн тухай ярьж өгье. Товчхондоо тэд хулгай хийнэ. Хийсэн хулгайнаасаа хүмүүст амсуулна. Шилийн сайн эрсдээ хүмүүс ч хайртай гэж жигтэйхэн. Удахгүй тэдний хөшөө босох биз. Яг л Тоорой бандийн хөшөө Цагаан ууланд боссон шиг.

Нөгөө талаасаа ардчилсан намын боловсролтой, мэдлэгтэй хэсэг нь өөрсдийнхөө "эго"-ны араас гарч чадсангүй. Тэдний өөрсдийн имиджээ алдчихгүй гэсэн, өөрсдийгөө дөвийлгөж үлдэх гэсэн бодол нь савнаас нь гаргасангүй. Саяхан би "Intelligence Squared" гэдэг нэртэй мэтгэлцээний нэвтрүүлэг үзсэн юм. Тэр нэвтрүүлгээр "Трамп ерөнхийлөгч болсонд элитүүд буруутай" гэсэн сэдвээр мэтгэлцэж байв. Миний бодлоор Х.Баттулга ерөнхийлөгч болсонд элитүүд буруутай, тэр тусмаа ардчилсан намын элитүүд хамгийн түрүүнд буруутай.

Сонгогчдын түвшинд юу болов!?

Миний хувийн ажиглалтаар бол 90-ээд оноос өнөөдрийг хүртэл онцын өөрчлөгдөөгүй "соёл" бол хэнийг элит гэх вэ ойлголт. Манай сонгогчдын элитийн хэмжүүр бол хуучны "ноён-элит" ойлголтоос салаагүй. За бүгдээрээ харцгаая л даа. Ой санамжинд чинь байвал болж өнгөрсөн сонгуулиуд руу хамтдаа эргээд очъё.

Сонгуульд нэр дэвшиж байгаа нэгэн эхлээд өөрийн гэрээ "Танайд хоноё" нэвтрүүлгээр харуулна. Энэ нэвтрүүлгээр баян, мөнгөтэй шүү гэдгээ харуулах зорилготой. Уг нэвтрүүлэгт  орсон нэгэн "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж хэлэх дуртай. Учир нь гэртээ гоё гоё үнэтэй тавилга аваад тавьчихсаныгаа гэрээ зассан гэж ойлгоно. За тэгээд сонгуульд дэвшиж буй нөхөр маань орон нутгаар явна. Аварга том хөөрөг, 21 инчийн бүс, ягаан, ногоон дээл, бараа бологсод (бие төлөөлөгчид)-ийн хамт морилно. Тэд хурдны морь уяна. Бас өөрсдийн бөхтэй гэдгийг мартаж болохгүй. За тэгээд мэдээж "ноён" үнэтэй машинаас буух ёстой. Буухдаа гэдсээ арай ядан өргөж бууна. Мэдээж аахилна. За энэ бүх нөхцөл бүрдсний дараа найр наадам чухал. Тиймээс одоо дивтаат болчихсон болон ирээдүйн горилогсод аймаг, сум, дүүргийн ой тэмдэглэх тун ч дуртай. 

Энэ зураглал нэг л буухгүй байвал хуучны хаад, ноёдтой кинонууд үз. Дараа нь хөдөөний айлуудаар яваад үзээрэй. Хөдөөний айлын авдар дээр жаазтай зурагнууд бий. Тэнд Ноёдын маань морь унасан, дээл өмссөн зурагнууд бас өлгөөстэй. Нэг хэсэг Н.Энхбаярын гоё зураг их түгээмэл байдаг байж билээ. Бараг л хаан мэт хувцасласнаас харахад тэр бол улс орны хэмжээний "ноён" болох нь бэлхнээ харагдана. Бөөн мөнгөн тоноглол болсон эмээл, хазаар, шар өнгийн гялалзсан торгоор хийсэн дээл, дээр нь Чингис хаан л өмсөж байсан гэмээр том малгай өмсчээ. Харин саяхан сонгогдсон ерөнхийлөгч маань шар биш, хар эрээн дээлтэй, монгол бөхөөс гадна сумочтой явсан нь арай шинэлэг байж чадлаа.

Өө нээрээ гол юмаа мартчихаж. Тэр гэдсэндээ нэг том толгойтой биш зургаан жижиг толгойтой нь хамгийн том дэвшил байлаа. Бүр дэлхийн хэмжээний дэвшил юм шүү. 

Tuesday, August 8, 2017

Цуврал #2: Менежментийн ухааныг “Монголчилсон” нь

Ер нь Монголд сайн менежменттэй компани байна уу? Байвал ямар компанийг нэрлэх вэ гээд хүмүүсээс асуугаад үзээрэй. Ихэнх хүмүүс энэ асуултад Эм Си Эс гэж хариулдаг. Эм Си Эсийг олон хүмүүс төрөөс тендер зохих замаар томорсон гэж ярьдаг. Гэхдээ тэгж ярьдаг нэгэн хүртэл Эм Си Эс менежментээрээ Монголдоо л #1 гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд яагаад #1 болчихов оо гээд асуувал их сонин хариулт сонсоно. Эм Си Эсийг өнөөдрийн хэмжээнд хүргэсэн хүн бол үнэндээ Оджаргал захирал биш. Яг л Apple-ийг Стив Жобс олны өмнө төлөөлдөг шиг  Оджаргал бол төлөөлөгч нэгэн. Яг амжилт нь өөр хүмүүст илүү хамааралтай гэж би боддог. Миний бодлоор Эм Си Эс компанийн амжилт бол одоо холдингийн Гүйцэтгэх Захирал хийж байгаа Гантөмөр захиралтай холбоотой. (Эндээс намтрыг нь хараарай.)  Гантөмөр захирал олон жил Эм Си Эсийн хүний нөөц хариуцсан ерөнхийлөгч хийсэн. Гантөмөр захирлын бусдаас ялгарах онцлог нь P&G гэх дэлхийд менежментээрээ тэргүүлэгч компаниудын нэгт ажиллаж байсанд гэж хэлж болно. Энэ туршлага дээрээ үндэслэн P&G-ийн менежментийг шууд хуулбарлан хэрэглэсэн. Ер нь Эм Си Эсийн эхэн үед мөрдөж байсан дүрэм журам, стратегиуд яг үнэндээ P&G-ийнх байсан гэхэд буруудахгүй байх. Бас P&G-ийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг, тэдэнтэй гэрээтэй байснаар менежментийг нь импортлох боломж давхар нээгдсэн. Би Эм Си Эс компанид ажиллаж байгаагүй ч компанийнх дотоод дүрэм журмуудыг сонирхож үзэж байсан.  Анхандаа их гайхдаг байсан. Supervisor гэдэг албан тушаалыг Монголд Супервайзор гэж шууд галиглаад хэрэглэж байх жишээтэй. Тэгэхээр Эм Си Эсийн нууц бол Монголчлоогүйд л оршино. 

Мөн сүүлийн үед хүмүүсээс Менежмент сайтай компани юу байна гэж асуухад Оюу Толгой гэж хэлэх болжээ. Хамгийн хөгжилтэй нь Оюу Толгойг үзэн яддаг нэгэн хүртэл яг өөрт нь Оюу Толгойд ажиллах боломж олдвол татгалзахгүй. Энэ нь яг Хятадуудыг үзэн яддаг үндсэрхэг үзэлтэн нэг танил маань Хятад руу явах боломж олдсон чинь дэвхцээд бөөн юм болсонтой адил юм даа. Мэдээж нэгдүгээрт цалин, хангамжтай холбоотой боловч цаад утгаараа Оюу Толгой менежмент сайтай гэдгийг илтгэдэг. Хүмүүс ажилд орохдоо цалин, хангамжаас илүүгээр менежментийнх нь чанарыг хардаг. Муу менежменттэй газар юу ч амлаад хүн олж чаддаггүй гэдгийг уул уурхайн "А" компанийн жишээгээр хүн болгон мэднэ. Оюу Толгой бол Рио Тинто гэх дэлхийн хэмжээний том компанийн төсөл. Тийм ч учраас сайн мэргэжилтнүүд, менежментийн бүх "нөү хау"-гаа авчирч хэрэглэдэг. Тэдэнд Монголчлох ямар ч шаардлага байхгүй. 

Өөр нэгэн жишээ бол Мобиком. Өнөөдрийн Мобиком ямар болсныг мэдэхгүй ч хэдэн жилийн өмнөх Моби бол Монголын урдаа барих менежменттэй компани. Ялангуяа Стратегийн менежмент талаас нь харвал тэд шилдэг нь. Яагаад гэвэл япон менежмент. Ер нь мэдэхгүй хүмүүст хэлэхэд Моби анхнаасаа японы хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл. Одоо ч япончууд ихэнхи хувьцааг нь эзэмшдэг, СЕО нь хүртэл япон хүн байдаг. Гадаад СЕО-ийн нэг онцлог бол тэд Монголчилж мэдэхгүй, чадахгүйд л хамаг нууц бий. Тэдний хувьцаа эзэмшигчдэд ч холимог хуурга хэрэггүй.  

Мэдээж хэрэг Монголд амжилттай яваа бизнес маш олон. Гэхдээ бизнес, менежмент хоёр хамааралтай ойлголт боловч тусдаа зүйл.  “Мориноосоо буухгүй дэлхийг эзлэх амархан, Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү”  гэдэг шиг бизнес хийх гэдэг нь дэлхийг эзлэх, төрийг төвхнүүлэх гэдэг нь менежментийн ухаан юм. Бизнес богино хугацаанд амжилттай явахад бизнесмен хүний авъяас байхад болно. Харин урт хугацаанд оршин тогтнох бизнес бол сайн менежментгүйгээр бүтэхгүй. Тийм ч учраас төрийг төвхнүүлэх хэцүү. Нөү хау хэрэгтэй. Монголд 1990 оноос хойш л хүмүүст бизнес хийх боломж олдож эхэлсэн гэхээр хамгийн хөгшин компани өнөөдөр 27 настай. Тун чиг залуу гэсэн үг. Тийм ч учраас менежментийн өөрсдийн дэг сургууль гэж Монголд байхгүй. Боломж ч үгүй. Харин сайн менежмент бол хуулах замаар л бий болж байна. Харамсалтай нь 98 хувь нь Монголчлох гэж оролдож, бүтэлгүйтсээр байна. Тэгээд яваад байж болно л доо. Гэхдээ ганц зуухан жил бүтэлгүйдчих. 

Одоо би бүр тодорхой жишээнүүд яръя. Менежментийн ухаанд ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх гэж чухал ажил бий. Манай компаниуд гүйцэтгэлийн үнэлгээний журам гаргахдаа шууд л төлөвлөгөөгөөр юм уу, гүйцэтгэлийн хэмжүүрээр (KPI) юм уу, үүрэг даалгаварын биелэлтээр ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлнэ гээд журам гаргачихдаг. Харин тэд нэг зүйлийг шууд хаядаг. Майкл Армостронгийн “Гүйцэтгэлийн удирдлага” номонд гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргахдаа удирдлага, ажилтан хоёр ирээдүйн гүйцэтгэлээ зөвшилцөх ёстой гээд энэ нь хамгийн чухал үе шат гэж бичсэн байдаг. Гэтэл манай компаниудийн журмуудыг үзэхээр энэ чухал хэсэг нь байхгүй. Зүгээр л хасаад хийчихсэн байдаг. Үүнээс болоод тэр журам бүхэлдээ бараг үр дүнгүй цаас болчих жишээтэй. Ерөөсөө барууны оронд маш олон жил хэрэгжээд “шүүс” нь шахагдчихсан юманд хэрэггүй, чухал биш хэсэг гэж бараг байдаггүй. 

Кайзан саналын систем гэх маш энгийн нэг аргачлал бий. Миний мэдэхээр маш олон компани хэрэгжүүлэх гэж оролдсон юмдаг. Бүгд бүтэлгүйтсэн. Яагаад гээч? Бас л Монголчилсон. Уг нь энэ аргачлал компанийн ажилтнуудын шинэ саналыг дэмжих, улмаар бизнестээ өгөөж авчрах зорилготой. Гэхдээ үүний тулд чи тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой. Энэ аргаар компанийн ажилтан бүрийн гаргасан бүх саналыг мөнгөөр худалдаж авна. Тэгэхийн тулд ажилтан өөрийнхөө ажил дээр хэрэгжүүлээд, хэрэгжүүлснээ баталгаажуулсан баримтаа өгөөд мөнгөө авах ёстой. Энэ маш өчүүхэн, жижигхэн зүйл, бүр тэнэг зүйл байсан ч хамаагүй. Ямар ч тэнэг санал байсан түүнд нь мөнгө өгөх ёстой. Гэтэл Монголын компаниуд болохоор зөвхөн сайн саналд л мөнгө өгнө, яаж ийм тэнэг юманд мөнгө өгдөг юм гээд гэдийчихдэг. Уг нь нэг хүн таван тэнэг санал гаргасны дараа л 1 сайн санал гаргадаг. Хэдэн жилийн өмнө харж байсан нэг судалгаагаар Кайзан хэрэгжүүлж буй компанид ажилтнуудын 95 хувийнх нь санал тийм ч сайн санал биш байдаг. Гэхдээ үлдсэн 5 хувийн сайн саналын төлөө 95 хувийн муу саналд мөнгө төлөхөөс өөр аргагүй гэж бичсэн байсан. Энэ нь Кайзен системийн гол онцлог. Уг системээр Японы нэг компанийн ажилтан жилд 4000 санал гаргасан гэж бас уг судалгаанд бичсэн байв. 

Одоо арай өөр жишээ хэлье. Менежментэд Mission, Vision, Value гэх маш чухал ойлголтууд бий. Mission гэдгийг Монгол компани орчуулж хэрэглэхдээ “Эрхэм зорилго” гээд тавьчихдаг. Гэтэл менежментийн номыг Англи хэл дээр уншихад Mission гэдэг бол тухайн компани оршин тогтнох үндсийг тодорхойлсон томъёолол. Тухайн компанид өчигдөр ч байсан, өнөөдөр ч байгаа, маргааш ч байх үнэ цэнэ юу юм бэ гэдгээ тодорхойлоод гаргасныг хэлдэг. Гэтэл эрхэм зорилго гэдэг үгийг сонсохоор "оршин тогтнох үндэс" гэсэн утга буудаггүй. Vision гэдгийг болохоор “Алсын хараа” гээд орчуулчихсан байх жишээтэй. Менежментийн номон дээр тодорхойлохдоо Vision гэдэг бол тухайн компанийн стратегийн төлөвлөгөөний дагуух ирээдүйн дүр зураг.  Алсын хараа гэдэг үг бас л Vision-ийг илэрхийлж чаддаггүй. Надад бол архины нэр л санаанд буудаг. “Тэгээд юу гэж?” хэн нэгэн асууж болох юм л даа. Миний бодлоор бол нэр томъёоны "Монголчлол" бас нэг том төөрөгдлийг бий болгочихсон. Худлаа гэвэл чи компанийнхаа ажилтнуудаас эрхэм зорилго гэж юу юм бэ, манай компанийн эрхэм зорилго юу гээд асуугаад үзээрэй. Хүмүүс мэдэхгүй. Бүр компанийн удирдлагууд нь ч мэдэхгүй. 

1990-ээд оны дундуур аав маань нэг ном гэрт авчраад би дахин дахин уншдаг байж билээ. Тэр бол Хонх хамтлагийн дуучин, сэтгүүлч Цогтсайханы "Тарчлаан" гэх нэртэй ном л доо. Тэр номонд "Монголоор сэтгэнэ гэдэг бол модон толгойн бодол" гэж бичсэн байж билээ. Гол хэлэх гээд байгаа санаа маань нь Монгол хүн бол юун түрүүн "хомо сапейнс". Бусдаас өөр зүйлүүд бий л дээ. Гэхдээ тэдгээр нь үнэн чанартаа зарим хүмүүсийн боддог шиг тийм ч том зүйл биш. Тиймээс Монгол хүнд онцгойлон тохируулсан менежмент хэрэггүй гэж би л хувьдаа итгэдэг. Компаниудын түүх ч үүнийг харуулж байна.


Sunday, July 23, 2017

Х.Тэмүүжин “Хөгжил дэмжих хуулиуд”

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэдэн жилийн өмнө Улаанбаатарын Эдийн засгийн клубын уулзалтад нэг илтгэл тавьсан юм. Би уг илтгэлийг тэмдэглэж авсанаа мартчихаж. Юмнуудаа ухаж байгаад оллоо. Агуулга нь их таалагдсан учраас өөрөөс нь зөвшөөрөл аваад энд нийтэллээ.

Хөгжил дэмжих хуулиуд гэдэг сэдвийг ярихын тулд юуны өмнө “хөгжил” гэж юуг хэлэх гээд байгаа юм, хөгжлийг юугаар үнэлэх, юуг багтааж ойлгох юм гэдгийг ярилцах ёстой. Яагаад гэвэл хөгжлийг үнэлдэг, хардаг, ойлгодог хэмжүүрүүд маш олон.

Хөгжил гэж юу вэ?

Хуультай холбоотой, хуулийн салбартай холбоод хөгжлийг ойлгоход нэг тодорхойлолт  их тохирдог. Тэр нь “Хүний бодитой эдэлж чадах эрх чөлөөний тэлэлт нь хөгжил юм.” гэж.  Ихэнхдээ хүмүүс хөгжлийг ДНБ-ийн өсөлт, үйлдвэржилт, технологи, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гэдэг ч юм уу олон зүйлээр харж байгаа. Гэхдээ эдгээр зүйлүүд эрх чөлөөг тэлэхэд тусалдаг механизмууд уу, эсвэл бидний хөгжил гэж зорьж байгаа тэр зорилгын үзүүрт байгаа зүйл үү гэдэг дээр ярих хэрэгтэй.  Нэг хүнд ногдох ДНБ ямар байна,  орчин үеийн үйлдвэржилт байна уу, барилга байгууламж хэр сайн баригдсан юм, технологи яаж ашиглаж байгаа юм гэх мэт зүйлүүдээс хөгжлийг харахыг буруутгах аргагүй. Яагаад гэвэл энэ бол хамгийн обьектив, нүдэнд харагдаж байгаа зүйл. Гэхдээ хуультай холбоод харахаар хөгжил өөрөө хүнд зориулагддаг учраас хүний бодитойгоор эдэлж буй эрх чөлөө нь хэр тэлж байна гэдэг хэмжүүрээр хэмжих нь илүү тохирдог.

Хөгжлийн тухай ярианд ярих ёстой нэг юм бол хөгжлийг бий болгож байгаа зүйлүүдээс гадна, сааруулж буй зүйлүүд юм. Ядуурал, тогтолцооны ялгаварал, хаалттай, дарангуй, хувь хүнд боломж олгодоггүй улстөрийн зохион байгуулалт гэх мэт. Энэ мэтчилэн эрх чөлөөт байдлыг үгүйсгэж байгаа тэр зүйлүүдээ эхлээд харах ёстой байх. Өөрөөр хэлбэл 0 цэгээс хөгжил эхэллээ гэж үзвэл хөгжилд хүрэхийн тулд одоо байгаа зарим зүйлээ нураах шаардлага гардаг. Дараа нь хөгжлийг бий болгоход хэрэгтэй зүйлүүдээ бүтээх шаардлага гарна. Ингээд харахад манайд бүтээхээсээ гадна нураах зүйл их байна. Яагаад гэвэл хөгжилд садаа болоод байгаа учраас тэр. Харин нураасныхаа оронд юу хийх ёстой вэ гэдэг эхлээд сайн ойлголцох нь чухал.

Хүнийг хөгжлийн үр шимийг идэвхигүй хүртэгч гэхээсээ илүүтэйгээр боломж олгосон тохиолдолд идэвхитэй оролцогч, хөгжлийг бүтээгч гэдэг байдлаар нь харах хэрэгтэй. Манайд хөгжлийг хүнээс нь салгачихдаг. Нийгэм хөгжихөөр л би сайхан амьдарна гэж боддог. Өөрөө хөгжилд оролцохгүй, зүгээр хүлээгч болсон хүмүүс бусдаас л буруу хайдаг. Энэ дээр л популизм цэцэглэнэ. Гэхдээ хөгжлийн бүтээгч болох гэж идэвхитэй оролдож байгаа тэр хэсгээ бойжуулсан хууль, эрх зүй, улстөрийн бодлого манайд байгаа юм уу? Тийм хэлхээ холбоо байгаа юм уу? гээд харах хэрэгтэй. Би хөгжлийн шинэ соёлыг бүтээх “цэг” нь энд байгаа гэж хардаг. Зүгээр л хүн рүүгээ чиглэсэн зүйл нь юу вэ гээд бодох хэрэгтэй.


Хуулиар зохицуулах нь

Өнөөдөр нийгэмд бүх зүйлийг хууль болгох нь буруу, хэрхэвч болохгүй гэсэн нэг хандлага байгаа. Нөгөө талд нь аль болох хуульчлах хэрэгтэй, дүрэмтэй болгох хэрэгтэй гэсэн бас нэг хандлага явж байгаа. Аль нь зөв, буруу гэдгийг үндэслэлтэй ярих хэрэгтэй л дээ. Нэг тоо хэлэхэд Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль 428 байна, олон улсын гэрээ конвенц 369 байна, гадагш чиглэсэн хэм хэмжээ тогтоосон акт 976 байна (хууль зүйн яаманд бүртгэдсэн). УИХ тогтоол 2472 байна.

Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм билээ. Тэр нь “хууль гэж юу вэ” гэдгийг. Хүмүүс өнөөдөр социализмын үеэр хуулийн сургуулиудад заадаг байсан шиг “Хууль бол төрөөс тогтоосон хэм хэмжээний цогц”, “хэн нэгэн тогтоогоод бусдад тулгаж байгаа хэм хэмжээг хууль” гэж ойлгодог. Марксист онолоор бол дарлагч анги, дарлагдагч ангиа удирдаж, хянаж, цээрлүүлж, өөрийн мэдэлд байлгахын тулд хуулийг ашигладаг гэж үздэг. Ардчилсан нийгэмд хуулийн тухай ойлголт өөр. Ардчилсан нийгэмд иргэд өөрсдөө эсвэл төлөөллөөрөө дамжуулаад бидэнд ямар хэм хэмжээ үйлчлэх ёстой вэ гэдгийг, цаг үеийнхээ нөхцлийг дүгнэж, шүүн хэлэлцээд, тэгээд өөрсдөө оролцож, хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байгаа хэм хэмжээг хууль гэдэг. Нэгэнд нь хэн нэгэн тогтоож байгаа бол нөгөөд нь хүлээн зөвшөөрөх тухай ярьж байгаа юм. Ардчилсан нийгэмд хуулийг иргэд оролцоод, шүүн хэлэлцээд байх уу, үгүй юу гэдгийг нь шийддэг хэм хэмжээ гэж тодорхойлж болно.

Ер нь эндээс хуулийг үгүйсгэнэ гэдэг өөрийнхөө оролцоог үгүйсгэнэ гэсэн ойлголт руу очиж байгаа юм. Би яагаад ингэж хуулийг дөвийлгөж хэлж байгаа юм бэ гэхээр нийгэмд хүссэн хүссэн, хүсээгүй хэм хэмжээ оршин тогтнож байдаг. Заншлын, шашны, ёс суртахууны гэх мэтчилэн. Харин хуулийн хэм хэмжээнд хүмүүс бодитойгоор дуу хоолойгоо оруулж өөрчилж чаддаг. Бусад хэм хэмжээнд тийм боломж байдаггүй. Бусад хэм хэмжээнүүд бол энэ зүйл ингэсээр л ирсэн, ийм л байдаг гэсэн, хэн шийдсэнийг нь мэдэхгүй, хамааралгүй засаглалаас тодорхойлогдсон байдаг. Хуулийг үгүйсгэнэ гэдэг бусад хэм хэмжээг зөвшөөрнө гэсэн үг. Тэгэхээр би өөрийн оролцоо, сонголттойгоор өөрчилж болдог хэм хэмжээг зөвшөөрөх үү, эсвэл өөрөө өөрчилж чаддаггүй эртнээс яваад ирсэн олонхийн хандлагаар, ухаалаг бишээр тогтоочихсон хэм хэмжээнд захирагдах уу гэсэн л асуулт байдаг. Жишээ нь зарим уулын орой дээр эмэгтэй хүн гарч болохгүй. Бид шүүн хэлэлцээгүй. Бид баталгаажуулаагүй. 

Гэхдээ ардчилалын механизмаа сайн ашиглаж чадвал хууль бидний оролцоотой батлагдана, сайн ашиглаж чадахгүй бол бидний оролцоогүй батлагдана. Нийгмийг хуулиар шийдэж болохгүй гэдэг зарчим чинь өөрөө бусад хэм хэмжээ их байх руу явна гэсэн. Тийм үед бидний сонгоогүй хүмүүс хэм хэмжээ тогтоогоод эхэлдэг. Бусад улсуудад байдаг бүх л амьдралын хэв маяг Монголд байж л байгаа. Том улс уу, жижиг улс уу гэдгээс үл шалтгаалаад дунджаар аваад үзэхэд нэг улсад 2500-3500 хууль бий болж байж нийгмийн амьдрал хэвийн явж байна гэж үзэж байна. Одоо манайд 428 байна. Тэгээд бас тэр 2500 хуулийн доторхи агуулга, бичилт гээд техниктэй холбоод харахад их зөрүүтэй. Жишээ нь МУ-ын иргэний хууль, Германы иргэний хууль хоёрыг харьцуулаад харахаар манайх 1/3-ээр бага. Тэгэхээр бид маш бага хуулиар нийгмээ зохицуулж байгаа ба тэр хуулиуд нь маш ерөнхий, процессгүй. Эрх мэдэл өгсөн мөртлөө үүнийг хэзээ, хаана хэрэгжүүлэх вэ гэдэг процесс байхгүй. Ийм цөөн, процессгүй хуультай нөхцөлд төрийн албан хаагчид хуулийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж эхэлдэг.

Ер нь хуулийн текстийг анзаараад үзвэл хууль ердөө л “баглаа, боодол”. Харин хуулийн дотор эдийн засгийн, нийгмийн, улстөрийн, соёлын маш олон агуулга оршиж байдаг. Тийм учраас хууль зүйн шинжлэх ухаан дангаараа юу ч биш. Жишээ нь үндсэн хуулийн эдийн засаг, хууль ба эдийн засаг, хууль ба социологи гэдэг ч юм уу салбарласан, дундын судалгаанууд хөгжихгүйгээр хууль өөрөө хөгжлийг дэмжиж чадахгүй. Хоосон баглаа боодол л болоод байна гэсэн үг.

Хөгжлийг дэмжих хуулийг бий болгохын тулд хууль ямар байх ёстой вэ гэдэг талаар хэд, хэдэн онол, аргачлал яръя. Ер нь аргачлал, онол ашиглах нь бидэнд асуудлаа зөв олж харахад тусална.

Аргачлал нэг: Уламжлалт, улстөржсөн, мэргэшсэн

Хуулийн салбарт нэг онол бий. Энэ нь “уламжлалт, улстөржсөн, мэргэшсэн” гэсэн ангилал байгаа юм. Италийн харьцуулсан эрхзүйч, Уго Матьювийн ангилал л даа. Хууль тогтоомж нь түрүүний хөгжил гэдэг юмтай харьцуулаад харахаар юу юм бэ гэж.

-      Уламжлалт гэдэг нь болохоор хүн болгонд холбоотой эрх чөлөөг дэмжихээс илүүтэйгүүр эрх мэдэлтэй удирдлагад үйлчилдэг, бусад хүмүүсийг түүнд үйлчлэх үйлчлэгч болгож хувиргадаг тийм л хуулийн тогтолцоо.
-   Хоёр дахь нь хүнд биш тодорхой институт, зохион байгуулалтад үйлчилдэг хуулийн тогтолцоо. Тэр зохион байгуулалтыг л төлөвшүүлж, барихын төлөө удирдлага бусдад үүрэг хариуцлага өгдөг. Түрүүнийхээс ялгаатай нь энэ тогтолцоогоор хэсэг бүлэг хүмүүсийн боломж нэмэгддэг.
-  Гурав дахь тогтолцоо нь хэн нэгний тодорхой хэсэгт биш бүх хүмүүст үйлчилдэг тогтолцооны тухай яриа.

Энэ гурван ангилалын ард нь “rule of man”, “rule by law”, “rule of law” гэж нэрлээд хувь хүн засагладаг, хэсэг бүлэг засагладаг, хууль өөрөө засагладаг гэсэн гурван ойлголтийг бий болгосон байдаг. Энүүгээр хүний өөрийнх нь сэтгэлгээг ч хэмжиж болно. Тодорхой бүлгийг ч хэмжиж болно. Монгол улс хаана явааг ч харж болно. Жишээ нь, Монголчууд бидний дийлэнх нь аливаа зүйлийг инстүүчлэхээс илүү бодьгалчилж, хүнчилж ойлгодог. Тэр нь өөрөө хөгжлийг дэмжих хуулийг бий болгоход садаа болж байгаа юм. Ямар нэгэн байгууллагад ороход энэ байгууллага ямар чиг үүрэгтэй вэ, надад яаж үйлчлэх вэ гэхээс илүү, энэ байгууллагын дарга нь хэн бэ, аль нам бэ, аль нутгийнх вэ гэж хараад, тэр сувгаараа үйлчилгээгээ авах гэж оролддог. Тэр сувгаараа эрх чөлөөгөө тэлэх гэж оролддог.

Улс төржсөн гэсэн хэсэг дотор хэн олонхи вэ, хэн хүчтэй вэ гэж хардаг. Монголд жишээ нь аль яамыг аль нутаг авав гэж ярьдаг. Бодол санаа, байгаа соёл нь улстөрийн намуудын хувьд аливаа юмийг хуваах л гэсэн хандлагатай. Тэд өөрсдөө дагадаггүй мөртлөө, харин бусад руу чиглэсэн шударга ёс, хуулийн тухай ярьдаг.

Харин гурав дахь хэсэг рүү бол бид яваагүй байна. Гэтэл хөгжил дэмжих хуулийн яриа бол энд л яригдана. Жишээ нь: Би хойд солонгост очиж үзсэн л дээ. Социализмд хүүхэд насаа өнгөрөөсөн ч гэсэн анзаараагүй юм билээ. Гудамж, талбай нь хүнд зориулагдаагүй. Зөвхөн нийгэм гэсэн хийсвэр юманд зориулагдсан. Нийгэм хөгжиж байна гэдгийг харуулахад зориулсан болохоос хүн дотор нь яаж байна гэдгийг тоодоггүй.

Тэгэхээр бид бол дээд талын хоёр дотор л холилдсон янзтай явж байна.

Аргачлал хоёр: Эрхзүйн түүхэн хөгжил

Дараа нь эрх зүйн дэлхийн хөгжлийн явцад яаж хувьсаж өөрчлөгдсөн тухай нэг ийм аргачлал байгаа юм.

Эхнийх нь “Archaic” буюу ёс жаягт үндэслэгдсэн хууль. Нийгэмд тэртээ тэргүй хэм хэмжээ байгаа. Тэрийг чи өөрчилж чадаж байна уу, чадахгүй байна уу гэдгээс хамаараад энийг хууль, ёс заншил, ёс суртахуун аль нь болохыг хэлж болно. Хүн төрөлхтөн бол түүхийнхээ бараг 90 хувьд нь “Archaic” хэм хэмжээ дотор амьдарсан. “Би нэг кино үзэж байсан юм. Африкийн нэг овогт шинээр гэр бүл болсон эмэгтэйг нөхрийн талынх нь овоохойныхоо үүдэнд авчраад үүдэн шүдийг нь цөм цохидог. Тэр хүн үүдэн шүдээ цөм цохиулчихаад их эрхэмсэг байгаа юм.” Энэ бол “archaic”. Энэ хэм хэмжээ дотор дасчихсан хүн бол хүлцээд л явна.

Хоёрдахь нь “Repressive law”. Ромын эрхзүйгээс үүдэлтэй. Чи хэн байхаас шалтгаалаад ямар улстөрийн дэглэмд захирагдаж байна тэр улстөрийн дэглэмээ хамгаалах ёстой. Ромын эзэнт гүрэнд үнэнч байх, эзэнт гүрний төлөө л зарчмуудыг тунхаглаж өгсөн. Хүний хөгжлийн индекс дотор нэг итгэлцүүр байдаг. Тэр нь хүмүүс бие биендээ хэр итгэж байна гэдэг индикатор. Тэрүүгээр харах юм бол Archaic цусан төрлийн итгэлцүүр үйлчилдэг. Манайд бол увсынх нь уу, ховдынх уу гэх мэт. Харин энэ төрлийн хуулинд нэгдсэн зохион байгуулалтад илүү итгэдэг. Жишээ нь Би Ардчилсан намынх шдээ гэвэл, чи болж байна гэдэг ч юм уу.

Гуравдах нь сонгодог либерализм үүссэнтэй холбоотой үзэл санаа нь бэхжсэн. 19-р зуунд Макс Вебер гэх мэтийн онол, үзэл санаагаар маш сайн цэгцэрсэн. Энэ бол нөгөө хувь хүний, бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн хууль. Эрх чөлөөтэй гэж үзэж байгаа бол хариуцлагаа хүлээнэ шүү гэдгээ хүлээн зөвшөөрсөн хууль. Хувийн хариуцлага гэдгийн ард эдийн засаг, мөнгө байхгүйгээр хоосон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд чөлөөт солилцоо, гэрээ гэх мэтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж үзсэн. Эндээс л хууль хэн нэгний системийг хамгаалах биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн.

Хууль ямар ч байсан хувь хүн эрх чөлөөгөө дээшлүүлж, тэлэх боломж руу зам  тавьж өгөх ёстой. Эрх чөлөөг тэлэх боломж нь түрүү яриан дунд гарч ирж байсан эдийн засаг, хувийн өмч, амьдралаа өөрөө төлөвлөөд, хэнээс ч хамааралгүй шийдэх боломж зэргээс шалтгаалдаг. Гэхдээ энд засаглалын асуудал орж ирнэ. Эрх чөлөө хувь хүний хувьд жам ёсны боловч, зохиомол ертөнцөд л хэлбэр дүрсээ олж байгаа. Ардчилал ч тэр, зах зээл ч тэр зохиомол зүйл. Энэ зохиомол зүйлийг хүмүүс төрөхдөө мэдэж төрөхгүй. Тийм учраас тэрэнд нь таарсан боловсролыг олгохгүй бол хөгжил, эрх чөлөө, хууль гэдэг юмнууд худлаа болж хувирна.

Засаглал ч тэр, эрх чөлөө ч тэр эцсийн дүндээ өмнө нь хэлсэн тэр “баглаа, боодол” руу очих ёстой. Хууль ухаалаг бодож олсон, төлөвлөсөн хэм хэмжээнээс гадна амьдралд аяндаа бий болсон дэг журмуудаас шалтгаалж байдаг. Тийм учраас парламентийг 4 жил тутам сонгодог, тэгээд парламент болгон нь хууль бүрийг тухайн цаг үеийнхөө нөхцөлд хэлэлцэх эрхтэй байх ёстой. Түүнээс биш “алтан үеийнхэн” хийсэн хууль гээд хөндөж болохгүй гэж ярих нь утгагүй. Цаг үеийнх нь эзэд нь өөрсдийн оюун ухаанаар, нөхцөл байдалдаа тааруулж шүүн хэлэлцэнэ л гэсэн үг.

Аргачлал гурав: Шилжилт ба шинэчлэл

Манайх бол шилжилт хийж байгаа орон. Ийм оронд шинэчлэл хийх тухай нэг аргачлал байдаг. Шинэчлэл эхлээд идеалаа олж авдаг. Дараа нь идеалдаа таарсан институтуудыг бий болгодог. Тэр институтүүд нь нөгөө идеалаа эрхэмлэсэн шинэ соёлыг үйлдвэрлэдэг. Соёл аяндаа уламжлал болон тогтдог. Ийм үе шаттай явах ёстой гэж үздэг онол.

Дэлхийн нийтийн ардчиллын хоёрдахь шатны давалгаагаар бид ухамсартай болон ухамсаргүйгээр идеалаа сонгоод авчихсан. Хүний эрх, иргэний нийгэм, шударга ёс гэх мэт зүйлүүд. Тэгээд өнгөрсөн хорин хэдэн жил идеалдаа таарсан институтуудыг бий болгож эхэлсэн. Ямар ч байсан сонгуулийн системтэй болсон, парламенттай болсон гэх мэт. Бас арилжааны банк үүсгэлээ ч гэдэг юм уу. Гэтэл нөгөө институтууд маань идеалдаа таарсан соёлыг үйлдвэрлэж чадаж байна уу гэдэг дээр асуудал гараад эхэлсэн. Хараат бус бие даасан шүүх маань (хуулийн засаглалын хамгийн чухал институт) хүний эрхийг хамгаалаад, шударга ёс гээд байгаа системд ойртсон шийдвэрүүд гаргаж чадаж байна уу, эсвэл улстөрийн захиалга, тодорхой мөнгөний эрх ашгийн төлөө шийдээд байна уу? Парламент нь сонгогчдоо төлөөлнө, тэдний нийтлэг ашиг сонирхолд тааруулан хууль гаргаж чадаж байна уу? Аль эсвэл УИХ гишүүн хувийн ашиг сонирхлоо хангах гээд оролдож байна уу?

Ер нь “соёл” нь өөр юм руу яваад байна. Буруу соёл нь уламжлал болж хувирч байна. Ардчилалд халгаатай, хүний эрхэд халгаатай, зах зээлд халгаатай уламжлалууд бий болчихоод байна.