Х.Тэмүүжин “Хөгжил дэмжих хуулиуд”

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэдэн жилийн өмнө Улаанбаатарын Эдийн засгийн клубын уулзалтад нэг илтгэл тавьсан юм. Би уг илтгэлийг тэмдэглэж авсанаа мартчихаж. Юмнуудаа ухаж байгаад оллоо. Агуулга нь их таалагдсан учраас өөрөөс нь зөвшөөрөл аваад энд нийтэллээ.

Хөгжил дэмжих хуулиуд гэдэг сэдвийг ярихын тулд юуны өмнө “хөгжил” гэж юуг хэлэх гээд байгаа юм, хөгжлийг юугаар үнэлэх, юуг багтааж ойлгох юм гэдгийг ярилцах ёстой. Яагаад гэвэл хөгжлийг үнэлдэг, хардаг, ойлгодог хэмжүүрүүд маш олон. 

Хөгжил гэж юу вэ?

Хуультай холбоотой, хуулийн салбартай холбоод хөгжлийг ойлгоход нэг тодорхойлолт их тохирдог. Тэр нь “Хүний бодитой эдэлж чадах эрх чөлөөний тэлэлт нь хөгжил юм.” гэж. Ихэнхдээ хүмүүс хөгжлийг ДНБ-ийн өсөлт, үйлдвэржилт, технологи, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гэдэг ч юм уу олон зүйлээр харж байгаа. Гэхдээ эдгээр зүйлүүд эрх чөлөөг тэлэхэд тусалдаг механизмууд уу, эсвэл бидний хөгжил гэж зорьж байгаа тэр зорилгын үзүүрт байгаа зүйл үү гэдэг дээр ярих хэрэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ ямар байна, орчин үеийн үйлдвэржилт байна уу, барилга байгууламж хэр сайн баригдсан юм, технологи яаж ашиглаж байгаа юм гэх мэт зүйлүүдээс хөгжлийг харахыг буруутгах аргагүй. Яагаад гэвэл энэ бол хамгийн обьектив, нүдэнд харагдаж байгаа зүйл. Гэхдээ хуультай холбоод харахаар хөгжил өөрөө хүнд зориулагддаг учраас хүний бодитойгоор эдэлж буй эрх чөлөө нь хэр тэлж байна гэдэг хэмжүүрээр хэмжих нь илүү тохирдог. 

Хөгжлийн тухай ярианд ярих ёстой нэг юм бол хөгжлийг бий болгож байгаа зүйлүүдээс гадна, сааруулж буй зүйлүүд юм. Ядуурал, тогтолцооны ялгаварал, хаалттай, дарангуй, хувь хүнд боломж олгодоггүй улстөрийн зохион байгуулалт гэх мэт. Энэ мэтчилэн эрх чөлөөт байдлыг үгүйсгэж байгаа тэр зүйлүүдээ эхлээд харах ёстой байх. Өөрөөр хэлбэл 0 цэгээс хөгжил эхэллээ гэж үзвэл хөгжилд хүрэхийн тулд одоо байгаа зарим зүйлээ нураах шаардлага гардаг. Дараа нь хөгжлийг бий болгоход хэрэгтэй зүйлүүдээ бүтээх шаардлага гарна. Ингээд харахад манайд бүтээхээсээ гадна нураах зүйл их байна. Яагаад гэвэл хөгжилд садаа болоод байгаа учраас тэр. Харин нураасныхаа оронд юу хийх ёстой вэ гэдэг эхлээд сайн ойлголцох нь чухал. 

Хүнийг хөгжлийн үр шимийг идэвхигүй хүртэгч гэхээсээ илүүтэйгээр боломж олгосон тохиолдолд идэвхитэй оролцогч, хөгжлийг бүтээгч гэдэг байдлаар нь харах хэрэгтэй. Манайд хөгжлийг хүнээс нь салгачихдаг. Нийгэм хөгжихөөр л би сайхан амьдарна гэж боддог. Өөрөө хөгжилд оролцохгүй, зүгээр хүлээгч болсон хүмүүс бусдаас л буруу хайдаг. Энэ дээр л популизм цэцэглэнэ. Гэхдээ хөгжлийн бүтээгч болох гэж идэвхитэй оролдож байгаа тэр хэсгээ бойжуулсан хууль, эрх зүй, улстөрийн бодлого манайд байгаа юм уу? Тийм хэлхээ холбоо байгаа юм уу? гээд харах хэрэгтэй. Би хөгжлийн шинэ соёлыг бүтээх “цэг” нь энд байгаа гэж хардаг. Зүгээр л хүн рүүгээ чиглэсэн зүйл нь юу вэ гээд бодох хэрэгтэй. 

Хуулиар зохицуулах нь

Өнөөдөр нийгэмд бүх зүйлийг хууль болгох нь буруу, хэрхэвч болохгүй гэсэн нэг хандлага байгаа. Нөгөө талд нь аль болох хуульчлах хэрэгтэй, дүрэмтэй болгох хэрэгтэй гэсэн бас нэг хандлага явж байгаа. Аль нь зөв, буруу гэдгийг үндэслэлтэй ярих хэрэгтэй л дээ. Нэг тоо хэлэхэд Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль 428 байна, олон улсын гэрээ конвенц 369 байна, гадагш чиглэсэн хэм хэмжээ тогтоосон акт 976 байна (хууль зүйн яаманд бүртгэдсэн). УИХ тогтоол 2472 байна. 

Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм билээ. Тэр нь “хууль гэж юу вэ” гэдгийг. Хүмүүс өнөөдөр социализмын үеэр хуулийн сургуулиудад заадаг байсан шиг “Хууль бол төрөөс тогтоосон хэм хэмжээний цогц”, “хэн нэгэн тогтоогоод бусдад тулгаж байгаа хэм хэмжээг хууль” гэж ойлгодог. Марксист онолоор бол дарлагч анги, дарлагдагч ангиа удирдаж, хянаж, цээрлүүлж, өөрийн мэдэлд байлгахын тулд хуулийг ашигладаг гэж үздэг. Ардчилсан нийгэмд хуулийн тухай ойлголт өөр. Ардчилсан нийгэмд иргэд өөрсдөө эсвэл төлөөллөөрөө дамжуулаад бидэнд ямар хэм хэмжээ үйлчлэх ёстой вэ гэдгийг, цаг үеийнхээ нөхцлийг дүгнэж, шүүн хэлэлцээд, тэгээд өөрсдөө оролцож, хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байгаа хэм хэмжээг хууль гэдэг. Нэгэнд нь хэн нэгэн тогтоож байгаа бол нөгөөд нь хүлээн зөвшөөрөх тухай ярьж байгаа юм. Ардчилсан нийгэмд хуулийг иргэд оролцоод, шүүн хэлэлцээд байх уу, үгүй юу гэдгийг нь шийддэг хэм хэмжээ гэж тодорхойлж болно. 

Ер нь эндээс хуулийг үгүйсгэнэ гэдэг өөрийнхөө оролцоог үгүйсгэнэ гэсэн ойлголт руу очиж байгаа юм. Би яагаад ингэж хуулийг дөвийлгөж хэлж байгаа юм бэ гэхээр нийгэмд хүссэн хүссэн, хүсээгүй хэм хэмжээ оршин тогтнож байдаг. Заншлын, шашны, ёс суртахууны гэх мэтчилэн. Харин хуулийн хэм хэмжээнд хүмүүс бодитойгоор дуу хоолойгоо оруулж өөрчилж чаддаг. Бусад хэм хэмжээнд тийм боломж байдаггүй. Бусад хэм хэмжээнүүд бол энэ зүйл ингэсээр л ирсэн, ийм л байдаг гэсэн, хэн шийдсэнийг нь мэдэхгүй, хамааралгүй засаглалаас тодорхойлогдсон байдаг. Хуулийг үгүйсгэнэ гэдэг бусад хэм хэмжээг зөвшөөрнө гэсэн үг. Тэгэхээр би өөрийн оролцоо, сонголттойгоор өөрчилж болдог хэм хэмжээг зөвшөөрөх үү, эсвэл өөрөө өөрчилж чаддаггүй эртнээс яваад ирсэн олонхийн хандлагаар, ухаалаг бишээр тогтоочихсон хэм хэмжээнд захирагдах уу гэсэн л асуулт байдаг. Жишээ нь зарим уулын орой дээр эмэгтэй хүн гарч болохгүй. Бид шүүн хэлэлцээгүй. Бид баталгаажуулаагүй. 

Гэхдээ ардчилалын механизмаа сайн ашиглаж чадвал хууль бидний оролцоотой батлагдана, сайн ашиглаж чадахгүй бол бидний оролцоогүй батлагдана. Нийгмийг хуулиар шийдэж болохгүй гэдэг зарчим чинь өөрөө бусад хэм хэмжээ их байх руу явна гэсэн. Тийм үед бидний сонгоогүй хүмүүс хэм хэмжээ тогтоогоод эхэлдэг. Бусад улсуудад байдаг бүх л амьдралын хэв маяг Монголд байж л байгаа. Том улс уу, жижиг улс уу гэдгээс үл шалтгаалаад дунджаар аваад үзэхэд нэг улсад 2500-3500 хууль бий болж байж нийгмийн амьдрал хэвийн явж байна гэж үзэж байна. Одоо манайд 428 байна. Тэгээд бас тэр 2500 хуулийн доторхи агуулга, бичилт гээд техниктэй холбоод харахад их зөрүүтэй. Жишээ нь МУ-ын иргэний хууль, Германы иргэний хууль хоёрыг харьцуулаад харахаар манайх 1/3-ээр бага. Тэгэхээр бид маш бага хуулиар нийгмээ зохицуулж байгаа ба тэр хуулиуд нь маш ерөнхий, процессгүй. Эрх мэдэл өгсөн мөртлөө үүнийг хэзээ, хаана хэрэгжүүлэх вэ гэдэг процесс байхгүй. Ийм цөөн, процессгүй хуультай нөхцөлд төрийн албан хаагчид хуулийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж эхэлдэг. 

Ер нь хуулийн текстийг анзаараад үзвэл хууль ердөө л “баглаа, боодол”. Харин хуулийн дотор эдийн засгийн, нийгмийн, улстөрийн, соёлын маш олон агуулга оршиж байдаг. Тийм учраас хууль зүйн шинжлэх ухаан дангаараа юу ч биш. Жишээ нь үндсэн хуулийн эдийн засаг, хууль ба эдийн засаг, хууль ба социологи гэдэг ч юм уу салбарласан, дундын судалгаанууд хөгжихгүйгээр хууль өөрөө хөгжлийг дэмжиж чадахгүй. Хоосон баглаа боодол л болоод байна гэсэн үг. 

Хөгжлийг дэмжих хуулийг бий болгохын тулд хууль ямар байх ёстой вэ гэдэг талаар хэд, хэдэн онол, аргачлал яръя. Ер нь аргачлал, онол ашиглах нь бидэнд асуудлаа зөв олж харахад тусална. 

Аргачлал нэг: Уламжлалт, улстөржсөн, мэргэшсэн

Хуулийн салбарт нэг онол бий. Энэ нь “уламжлалт, улстөржсөн, мэргэшсэн” гэсэн ангилал байгаа юм. Италийн харьцуулсан эрхзүйч, Уго Матьювийн ангилал л даа. Хууль тогтоомж нь түрүүний хөгжил гэдэг юмтай харьцуулаад харахаар юу юм бэ гэж. 

- Уламжлалт гэдэг нь болохоор хүн болгонд холбоотой эрх чөлөөг дэмжихээс илүүтэйгүүр эрх мэдэлтэй удирдлагад үйлчилдэг, бусад хүмүүсийг түүнд үйлчлэх үйлчлэгч болгож хувиргадаг тийм л хуулийн тогтолцоо. 

- Хоёр дахь нь хүнд биш тодорхой институт, зохион байгуулалтад үйлчилдэг хуулийн тогтолцоо. Тэр зохион байгуулалтыг л төлөвшүүлж, барихын төлөө удирдлага бусдад үүрэг хариуцлага өгдөг. Түрүүнийхээс ялгаатай нь энэ тогтолцоогоор хэсэг бүлэг хүмүүсийн боломж нэмэгддэг. 

- Гурав дахь тогтолцоо нь хэн нэгний тодорхой хэсэгт биш бүх хүмүүст үйлчилдэг тогтолцооны тухай яриа. 

Энэ гурван ангилалын ард нь “rule of man”, “rule by law”, “rule of law” гэж нэрлээд хувь хүн засагладаг, хэсэг бүлэг засагладаг, хууль өөрөө засагладаг гэсэн гурван ойлголтийг бий болгосон байдаг. Энүүгээр хүний өөрийнх нь сэтгэлгээг ч хэмжиж болно. Тодорхой бүлгийг ч хэмжиж болно. Монгол улс хаана явааг ч харж болно. Жишээ нь, Монголчууд бидний дийлэнх нь аливаа зүйлийг инстүүчлэхээс илүү бодьгалчилж, хүнчилж ойлгодог. Тэр нь өөрөө хөгжлийг дэмжих хуулийг бий болгоход садаа болж байгаа юм. Ямар нэгэн байгууллагад ороход энэ байгууллага ямар чиг үүрэгтэй вэ, надад яаж үйлчлэх вэ гэхээс илүү, энэ байгууллагын дарга нь хэн бэ, аль нам бэ, аль нутгийнх вэ гэж хараад, тэр сувгаараа үйлчилгээгээ авах гэж оролддог. Тэр сувгаараа эрх чөлөөгөө тэлэх гэж оролддог. 

Улс төржсөн гэсэн хэсэг дотор хэн олонхи вэ, хэн хүчтэй вэ гэж хардаг. Монголд жишээ нь аль яамыг аль нутаг авав гэж ярьдаг. Бодол санаа, байгаа соёл нь улстөрийн намуудын хувьд аливаа юмийг хуваах л гэсэн хандлагатай. Тэд өөрсдөө дагадаггүй мөртлөө, харин бусад руу чиглэсэн шударга ёс, хуулийн тухай ярьдаг. 

Харин гурав дахь хэсэг рүү бол бид яваагүй байна. Гэтэл хөгжил дэмжих хуулийн яриа бол энд л яригдана. Жишээ нь: Би хойд солонгост очиж үзсэн л дээ. Социализмд хүүхэд насаа өнгөрөөсөн ч гэсэн анзаараагүй юм билээ. Гудамж, талбай нь хүнд зориулагдаагүй. Зөвхөн нийгэм гэсэн хийсвэр юманд зориулагдсан. Нийгэм хөгжиж байна гэдгийг харуулахад зориулсан болохоос хүн дотор нь яаж байна гэдгийг тоодоггүй. 

Тэгэхээр бид бол дээд талын хоёр дотор л холилдсон янзтай явж байна. 

Аргачлал хоёр: Эрхзүйн түүхэн хөгжил

Дараа нь эрх зүйн дэлхийн хөгжлийн явцад яаж хувьсаж өөрчлөгдсөн тухай нэг ийм аргачлал байгаа юм. 

Эхнийх нь “Archaic” буюу ёс жаягт үндэслэгдсэн хууль. Нийгэмд тэртээ тэргүй хэм хэмжээ байгаа. Тэрийг чи өөрчилж чадаж байна уу, чадахгүй байна уу гэдгээс хамаараад энийг хууль, ёс заншил, ёс суртахуун аль нь болохыг хэлж болно. Хүн төрөлхтөн бол түүхийнхээ бараг 90 хувьд нь “Archaic” хэм хэмжээ дотор амьдарсан. “Би нэг кино үзэж байсан юм. Африкийн нэг овогт шинээр гэр бүл болсон эмэгтэйг нөхрийн талынх нь овоохойныхоо үүдэнд авчраад үүдэн шүдийг нь цөм цохидог. Тэр хүн үүдэн шүдээ цөм цохиулчихаад их эрхэмсэг байгаа юм.” Энэ бол “archaic”. Энэ хэм хэмжээ дотор дасчихсан хүн бол хүлцээд л явна. 

Хоёрдахь нь “Repressive law”. Ромын эрхзүйгээс үүдэлтэй. Чи хэн байхаас шалтгаалаад ямар улстөрийн дэглэмд захирагдаж байна тэр улстөрийн дэглэмээ хамгаалах ёстой. Ромын эзэнт гүрэнд үнэнч байх, эзэнт гүрний төлөө л зарчмуудыг тунхаглаж өгсөн. Хүний хөгжлийн индекс дотор нэг итгэлцүүр байдаг. Тэр нь хүмүүс бие биендээ хэр итгэж байна гэдэг индикатор. Тэрүүгээр харах юм бол Archaic цусан төрлийн итгэлцүүр үйлчилдэг. Манайд бол увсынх нь уу, ховдынх уу гэх мэт. Харин энэ төрлийн хуулинд нэгдсэн зохион байгуулалтад илүү итгэдэг. Жишээ нь Би Ардчилсан намынх шдээ гэвэл, чи болж байна гэдэг ч юм уу. 

Гуравдах нь сонгодог либерализм үүссэнтэй холбоотой үзэл санаа нь бэхжсэн. 19-р зуунд Макс Вебер гэх мэтийн онол, үзэл санаагаар маш сайн цэгцэрсэн. Энэ бол нөгөө хувь хүний, бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн хууль. Эрх чөлөөтэй гэж үзэж байгаа бол хариуцлагаа хүлээнэ шүү гэдгээ хүлээн зөвшөөрсөн хууль. Хувийн хариуцлага гэдгийн ард эдийн засаг, мөнгө байхгүйгээр хоосон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд чөлөөт солилцоо, гэрээ гэх мэтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж үзсэн. Эндээс л хууль хэн нэгний системийг хамгаалах биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. 

Хууль ямар ч байсан хувь хүн эрх чөлөөгөө дээшлүүлж, тэлэх боломж руу зам тавьж өгөх ёстой. Эрх чөлөөг тэлэх боломж нь түрүү яриан дунд гарч ирж байсан эдийн засаг, хувийн өмч, амьдралаа өөрөө төлөвлөөд, хэнээс ч хамааралгүй шийдэх боломж зэргээс шалтгаалдаг. Гэхдээ энд засаглалын асуудал орж ирнэ. Эрх чөлөө хувь хүний хувьд жам ёсны боловч, зохиомол ертөнцөд л хэлбэр дүрсээ олж байгаа. Ардчилал ч тэр, зах зээл ч тэр зохиомол зүйл. Энэ зохиомол зүйлийг хүмүүс төрөхдөө мэдэж төрөхгүй. Тийм учраас тэрэнд нь таарсан боловсролыг олгохгүй бол хөгжил, эрх чөлөө, хууль гэдэг юмнууд худлаа болж хувирна. 

Засаглал ч тэр, эрх чөлөө ч тэр эцсийн дүндээ өмнө нь хэлсэн тэр “баглаа, боодол” руу очих ёстой. Хууль ухаалаг бодож олсон, төлөвлөсөн хэм хэмжээнээс гадна амьдралд аяндаа бий болсон дэг журмуудаас шалтгаалж байдаг. Тийм учраас парламентийг 4 жил тутам сонгодог, тэгээд парламент болгон нь хууль бүрийг тухайн цаг үеийнхөө нөхцөлд хэлэлцэх эрхтэй байх ёстой. Түүнээс биш “алтан үеийнхэн” хийсэн хууль гээд хөндөж болохгүй гэж ярих нь утгагүй. Цаг үеийнх нь эзэд нь өөрсдийн оюун ухаанаар, нөхцөл байдалдаа тааруулж шүүн хэлэлцэнэ л гэсэн үг. 

Аргачлал гурав: Шилжилт ба шинэчлэл

Манайх бол шилжилт хийж байгаа орон. Ийм оронд шинэчлэл хийх тухай нэг аргачлал байдаг. Шинэчлэл эхлээд идеалаа олж авдаг. Дараа нь идеалдаа таарсан институтуудыг бий болгодог. Тэр институтүүд нь нөгөө идеалаа эрхэмлэсэн шинэ соёлыг үйлдвэрлэдэг. Соёл аяндаа уламжлал болон тогтдог. Ийм үе шаттай явах ёстой гэж үздэг онол. 

Дэлхийн нийтийн ардчиллын хоёрдахь шатны давалгаагаар бид ухамсартай болон ухамсаргүйгээр идеалаа сонгоод авчихсан. Хүний эрх, иргэний нийгэм, шударга ёс гэх мэт зүйлүүд. Тэгээд өнгөрсөн хорин хэдэн жил идеалдаа таарсан институтуудыг бий болгож эхэлсэн. Ямар ч байсан сонгуулийн системтэй болсон, парламенттай болсон гэх мэт. Бас арилжааны банк үүсгэлээ ч гэдэг юм уу. Гэтэл нөгөө институтууд маань идеалдаа таарсан соёлыг үйлдвэрлэж чадаж байна уу гэдэг дээр асуудал гараад эхэлсэн. Хараат бус бие даасан шүүх маань (хуулийн засаглалын хамгийн чухал институт) хүний эрхийг хамгаалаад, шударга ёс гээд байгаа системд ойртсон шийдвэрүүд гаргаж чадаж байна уу, эсвэл улстөрийн захиалга, тодорхой мөнгөний эрх ашгийн төлөө шийдээд байна уу? Парламент нь сонгогчдоо төлөөлнө, тэдний нийтлэг ашиг сонирхолд тааруулан хууль гаргаж чадаж байна уу? Аль эсвэл УИХ гишүүн хувийн ашиг сонирхлоо хангах гээд оролдож байна уу? 

Ер нь “соёл” нь өөр юм руу яваад байна. Буруу соёл нь уламжлал болж хувирч байна. Ардчилалд халгаатай, хүний эрхэд халгаатай, зах зээлд халгаатай уламжлалууд бий болчихоод байна.

No comments:

Post a Comment